2024.06.10 - 2024.06.14

ОНЦЛОХ ИШЛЭЛ

“Амжилт санамсаргүй ирдэггүй."

- Пеле

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 42,353.45 нэгжид хүрч, 1.30 хувийн уналттай хаагдлаа. Монгол улсын инфляцын түвшин 2024 оны 5-р сард 5.7 хувьд хүрч буурлаа. Инфляцын түвшин нь Монголбанкны зорилтот инфляцын түвшний интервалд орсон хэдий ч бодлогын хүүг нэг дор огцом бууруулах нь ханш сулрах, инфляц нэмэгдэх эрсдэлийг үүсгэж болзошгүй тул Монголбанк бага багаар бодлогын хүүг бууруулах төлөвтэй байна. Мөн дараагийн Мөнгөний бодлогын шийдвэрийг цалин, тэтгэврийн өсөлт, төсөв, түүнтэй адилтгах санхүүжилтийг дагасан эрэлтийн нөлөө, төлбөрийн тэнцлийн дарамт нэмэгдэх зэрэг эрсдэлүүдийг анхаарч гаргах төлөвтэй байна.


АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

АНУ-ын 5-р сарын инфляцын түвшин хүлээлтийг давж буурсан нь өнгөрөгч 7 хоногт бодлогын хүүгийн түвшнийг эрт бууруулах магадлалыг нэмэгдүүллээ. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх голлох индексүүд өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Хувьцаануудыг салбараар нь ангилбал технологийн салбарын хувьцаанууд өндөр өсөлт үзүүллээ. Тодруулбал, технологийн компаниудын жин их дарсан NASDAQ Composite индекс 3.24 хувь өсөж, 17,688.9 нэгжид хүрлээ. Холбооны нөөцийн сангийн ээлжит Мөнгөний бодлогын хурал болсон ба бодлого боловсруулагчид тус хурлаар бодлогын хүүгийн түвшнийг 5.25 хувь - 5.50 хувьд хэвээр хадгаллаа.


ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ 

Европын парламентын сонгуультай холбоотой эрсдэлийн улмаас хөрөнгө оруулагчдын хувьцааны зах зээлд итгэх итгэл өнгөрөгч 7 хоногт суларлаа. Тодруулбал, STOXX Europe 600 индекс өнгөрөгч 7 хоногт 2.39 хувийн бууралттай хаагдлаа. Евро бүсийн аж үйлдвэрийн үйлдвэрлэл 4-р сард жилийн өмнөх мөн үеэс 3.0 хувь буурсан үзүүлэлттэй гарлаа.


ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ 

Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт холимог байдалтай байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 0.34 хувь өссөн бол TOPIX индекс 0.31 хувийн бууралттай хаагдлаа. Япон улсын төв банк 6-р сарын 13-14-ний өдрүүдэд болсон Мөнгөний бодлогын ээлжит хурлаараа бодлогын хүүгийн түвшнийг өөрчлөлтгүй буюу 0.1 хувьд хэвээр хадгаллаа. Төв банкны бодлого боловсруулагчид Мөнгөний зөөлөн бодлогыг тодорхой хугацаанд үргэлжлүүлэн баримтлах төлөвтэй байна. Мөн бодлого боловсруулагчдын зүгээс их хэмжээний Засгийн газрын бондын худалдан авалтаа бууруулах талаар онцоллоо.


БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ 

Дефляцийн дарамт БНХАУ-ын эдийн засагт сөргөөр нөлөөлөх төлөвтэй байгаа учир тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.61 хувь, CSI 300 индекс 0.91 хувь тус тус бууралттай хаагдлаа. БНХАУ-ын 2024 оны 5-р сарын инфляцын түвшин 0.3 хувьд хэвээр хадгалагдлаа. Үйлдвэрлэгчийн үнийн индексийн хувьд 5-р сард жилийн өмнөх үеэс 1.4 хувь буурсан үзүүлэлттэй гарлаа. Энэ нь 20 удаагийн дараалсан бууралт болж байна.

Дэлгэрэнгүй

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 4.23 хувьд хүрч буурлаа. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.) 
  2. Япон улсын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 0.98 хувиас 0.93 хувьд хүрч буурлаа. 
  3. Монгол улсын Засгийн газраас арилжаалсан эрсдэл бага ам.долларын бондуудын эзэмших хугацааны 1 жилийн өгөөж дуусах хугацаанаасаа хамаарч ам.долларын 6.53 хувиас 7.15 хувийн хооронд байна.

    Монголын ипотекийн корпорацийн (Moody's B3, S&P B-, Composite B- ) бондын өгөөж 13.18 хувь, MMC буюу Mongolian Mining Corporation-ийн ам.долларын бонд нь 9.03 хувийн өгөөжтэй арилжаалагдаж байна. Мөн Голомт Банк ХК-ийн бонд 12.07 хувийн өгөөжтэй арилжаалагдаж байна

    Мөн харилцагч та АНУ-ын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах боломжтой.
Дэлгэрэнгүй

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ

"АШИД КАПИТАЛ ББСБ" ХХК-ИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

 2024.06.14


Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/2208 тоот албан бичгийн дагуу “Ашид капитал ББСБ” ХХК-ийн нийтэд санал болгон гаргасан өрийн хэрэгслийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс тус компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжааг SIII-BD-14/12/25-C0062-18 үсгэн кодтойгоор эхлүүллээ. 


Дэлгэрэнгүй

“ГОВЬ” ХК-ИЙН ХУВЬЦААГ ҮҮРГЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ДЭЭР ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

 2024.06.11


“Говь” ХК-ийн хяналтын багц эзэмшигч "Таван Богд Холдингс" ХХК нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь заалтыг үндэслэн "Говь" хувьцаат компанийн 98,292,837 ширхэг энгийн хувьцаа буюу нийт энгийн хувьцааны 12.60 хувийг худалдан авах санал гаргасан байна.


Дэлгэрэнгүй

ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЭЭ

ЯПОН УЛСЫН ДНБ ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД 1.8 ХУВИАР АГШИВ

 2024.06.10 


Оны эхний гурван сарын байдлаар Япон улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх оныхоос 1.8 хувиар агшсаныг тус улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар мэдээллээ. Энэ нь өмнө нь тооцоолж байсан хоёр хувиас бага дүнгээр буурсан үзүүлэлт болж байна.


Дэлгэрэнгүй

УЛААНБААТАР ХОТЫН ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКСИЙГ ТООЦДОГ 404 БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНЭЭС 94 НЬ ӨСӨВ

 2024.06.10 


Улсын хэмжээнд инфляц 5.7 хувьтай гарснаас Хангайн бүсэд хамгийн өндөр буюу 6.7 хувьтай, Улаанбаатар хотод 5.6 хувьтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.


Дэлгэрэнгүй